Sunday, October 6, 2013

Миозин


Миозин нь АТФ хамааралт мотор уургийн бүлд хамаарах ба булчингийн агшилт болон эукариот эсийн өөр бусад өргөн хүрээтэй хөдөлгөөний үйл ажиллагаанд гүйцэтгэх үүрэг нь сайтар судлагдсан байдаг. Миозин нь актинд суурилсан хөдөлгөөнд гол үүрэгтэй. Миозиныг нээсэн эхэн үед түүнийг зөвхөн хөндлөн судалт болон гөлгөр булчингийн агшилтад оролцдог уураг гэж үзэж байсан бол хожим эукариот эсээс өөр хоорондоо ялгаатай олон тооны миозины дэд бүлүүдийг илрүүлснээр түүний олон талт үүрэгтэйг тогтоожээ. Миозины үндсэн шинж чанар нь актинтай холбогдох, АТФ-ыг гидролиз болгож улмаар тодорхой чиглэсэн шилжилт хийх юм. Ихэнхи миозины молекул толгой, хүзүү, сүүл гэсэн дэд хэсгүүдтэй. Миозины толгой хэсэг нь димер бүтэцтэй ба актины филаменттай холбогдож, катализын идэвхитэй төв нь АТФ-ыг гидролиз болгох замаар актины филамент дээгүүр хүчилж татах маягаар хөдөлнө. Миозины молекулын сүүл хэсэг нь бусад миозины сүүл хэсэгтэй мушгиа-ороомог бүтэц (coiled-coil structure) үүсгэн байрласнаар бүдүүн филаментийг үүсгэдэг.  Улмаар булчингийн агшилтын үед миозины хүзүү хэсэг нь толгой хэсэг болон сүүл хэсгийн үүсгэсэн энэхүү бүдүүн филаментыг холбож өгнө. Миозины толгойд хүчилж татах хөдөлгөөн бий болох үед дээрхи бүдүүн филамент актины нарийн филаменттай зөрж шилжсэнээр булчингийн агшилт бий болно.

0 comments:

Post a Comment