Monday, October 28, 2013

Электрон зөөвөрлөх хэлхээ

video

Митохондрт электрон дамжуулах хэлхээний (ЭДХ) тусламжтай явагдах АТФ нийлэгжих процесс нь амьд эс дэхь АТФ-ийн үндсэн нөөцийг бүрдүүлдэг. Хэдийгээр эсэд АТФ нийлэгжүүлэх өөр бусад аргууд (эдгээрийг субстратын түвшний фосфоржилт гэх ба гликолиз үүнд багтдаг) байх боловч ЭДХ-ийн тусламжтай АТФ нийлэгжил илүү үр дүнтэй буюу олон АТФ молекул үүсгэдэг байна. ЭДХ нь митохондрын дотно мембран дээр байрлах ба НАДН+ дегидрогеназ, цитохром b-c1, цитохром оксидаз, АТФ синтетаз зэрэг энзимүүд убикюнон, цитохром С зэрэг зөөвөрлөгч уургуудын тусламжтай явагдана. Электрон зөөвөрлөлт эхлэхэд НАДН+-ийн өмнөх кребсийн мөчлөгөөс авсан 2 электроныг НАДН+ дегидрогеназ энзим салгаж убикюнонд дамжуулна. Энэ үед устөрөгчийн 2 ион митохондрын дотноос мембран хоорондын зай руу зөөгдөнө. Убикюнон 2 электроныг зөөвөрлөж цитохром b-c1 энзимд хүргэх ба энд дахин устөрөгчийн 2 ион мембран хоорондын зай руу зөөгддөг. Цитохром b-c1 хүлээж авсан 2 электроноо цитохром С-д дамжуулан өгөх ба цитохром С электроныг цитохром оксидаз энзимд хүргэнэ. Энд тээвэрлэгдэж ирсэн 4 электрон, 1 молекул хүчилтөрөгч, 4 устөрөгчийн ионы оролцоотой 2 молекул ус үүсч дахин 4 устөрөгчийн ион мембран хоорондын зай руу зөөгддөг. ЭДХ-ний үр дүнд митохондрын мембран хоорондын зай болон дотно хөндийн хооронд устөрөгчийн ионы зөрүү (градиент) үүсэх ба энэхүү концентрацийн зөрүүтэй байдлыг нөхөхөөр гаднаас дотогшоо чиглэлтэй устөрөгчийн ионы урсгал бий болно. Энэхүү урсгал ЭДХ-ний төгсгөлийн гол энзим АТФ синтетазаар дамжин явагдах ба үүний үр дүнд АТФ синтетазад эргэлдэх хөдөлгөөн бий болж улмаар АДФ+Рi=АТФ үүсдэг. АТФ нь механик энергийг химийн энерги болгон хувиргадаг. Дээрхи процессийг өөрөөр эсийн амьсгал гэж нэрлэнэ.

0 comments:

Post a Comment