Monday, October 28, 2013

Гликолиз: Ерөнхий ойлголт


Гликолиз нь амьд эсэд АТФ үүсгэх нэгэн арга зам юм. Гликолизийн үр дүнд глюкозын молекул задарч 2 молекул пируват үүсгэх ба энэ нь цаашид митохондрт Кребсийн мөчлөгийн гол түүхий эд болон ашиглагддаг. Гликолиз нь эсийн цитоплазмд 10 шат дараалсан урвалын дүнд явагдана. Эхний 5 шатанд зургаан нүүрстөрөгчийн үлдэгдэл агуулсан глюкозын 1 молекул гурван нүүрстөрөгчийн үлдэгдэл агуулсан глицеральдегид-3-фосфатын 2 молекул болж задарна. Урвалын 1 болон 3-р шатанд АТФ-ын оролцоотой фосфоржих процесс явагдах ба энэ нь өвөрмөц киназа энзимийн тусламжтай явагдах үл эргэх урвал юм. Эхний 5 шатыг бэлтгэл үе гэдэг. Дараагийн 5 шатанд АТФ болон НАДН зэрэг энерги үүсгэгч молекулууд үүсэх ба эргэн төлөх үе гэнэ. Өмнөх бэлтгэл үед үүссэн глицеральдегид-3-фосфатыг одоо ашиглах ба урвалын 7 болон 10-р шатанд өвөрмөц киназа энзимийн тусламжтай тус бүр 1 нийт 2 молекул АТФ үүсдэг. Түүнчлэн урвалын 6-р шатанд дегидрогеназ энзимийн тусламжтай 1 молекул НАДН үүсдэг нь митохондрт явагдах электрон дамжуулах хэлхээнд электроны донор болж оролцдог. Бэлтгэл үед нийт 2 молекул глицеральдегид-3-фосфат үүссэн гэж тооцвол гликолизын дүнд нийтдээ 4 молекул АТФ, 2 молекул НАДН үүсдэг байна. Үүнээс бэлтгэл үеийн 1 болон 3-р шатны урвалд зарцуулагдсан 2 молекул АТФ-ыг хасч тооцвол гликолизын эцсийн үр дүнд эс 2 молекул АТФ, 2 молекул НАДН-ийн ашигтай үлддэг ажээ.

0 comments:

Post a Comment