Sunday, October 27, 2013

Митоз хуваагдал

 
Эсийн хуваагдал эс олшрох, өсч томрох, ялгаран хөгжихөд зайлшгүй шаардлагатай. Энэ нь эсийн мөчлөгийн М үе шатанд (M phase буюу mitotic phase) явагдах митоз гэж нэрлэгдэх процессийн үр дүнд явагдана. Митоз гэдэг нь эсийн мөчлөгийн S үе шатанд хувилагдсан удмын материал (ДНХ)-ыг шинээр үүсэх 2 бөөмд хуваан байршуулах үйл явц юм. Митоз нь профаз, прометафаз, метафаз, анафаз, телофаз гэсэн үе шатуудтай. Профаз шатанд S үе шатанд хувилагдсан ДНХ молекул нягтарч хос хромосомуудыг үүсгэнэ. Энэ үетэй зэрэг бөөмийн гадна талд центросом гэгдэх бичил гуурсанцаруудаас бүрдэх хос бүтэц үүсч эхлэх ба бөөмд байрлах бөөмхөн алга болно. Прометафаз шатанд бөөмийн бүрхүүл уусч алга болох ба үүнтэй зэрэгцээд хос центросомууд нэг нэгээр эсийн хоёр туйл руу хөдөлж улмаар эсийн хоёр туйлд очиж байршина. Центросомоос гарсан бичил гуурсанцарууд хромосомын төвд байрлах кинетокор уурагтай холбогдоно. Эгч дүү хроматид тус бүр нэг кинетокор уурагтай холбогдсон байна. Метафаз шатанд эгч дүү хроматидын аль нэгнийх нь кинетокор уурагтай холбогдсон бичил гуурсанцарууд хромосомыг түлхэн эсийн хөндлөн огтлолын дагууд эгнүүлэн байршуулах ба энэ үед эсрэг талаас ирж буй бичил гуурсанцар нөгөө хроматидын кинетокор уурагтай холбогдоно. Анафаз шатанд кинетокор уурагтай холбогдсон бичил гуурсанцарууд эгч дүү хроматидуудыг эсийн хоёр туйл руу чирч хөдөлснөөр хроматидууд сална. Телофаз шатанд хроматидууд эсийн хоёр туйлд очиж байрших ба бичил гуурсанцарууд алга болж, хроматидуудын эрчлээ суларч, бөөмийн бүрхүүл үүснэ. Үүгээр митоз дуусах бөгөөд эцсийн дүндээ эс хоёр бөөмтэй болсон байдаг.

0 comments:

Post a Comment