Sunday, October 6, 2013

EF-Tu

video


Элонгацийн фактор Tu (EF-Tu) нь прокариот эсийн гурван элонгацийн фактор (EF-Ts нь EF-Tu-ээс гуаниндифосфат /ГДФ/ салах үйл явцыг хангана , EF-G нь мРНХ дээгүүр тРНХ шилжин хөдөлж рибосомын А байрлалаас Р байрлалд орж ирэхийг нөхцөлдүүлнэ)-ын нэг юм. Прокариот эсэд EF-Tu нь аминоацил-тРНХ рибосомын А байрлалд орж ирэх явцыг нөхцөлдүүлэх ба цитоплазмд EF-Tu нь аминоацилжсан буюу аминхүчилтэй холбогдсон тРНХ молекултай холбогддог. EF-Tu нь бүтцийн хувьд 3 дэд хэсгээс тогтох ба эдгээр нь тРНХ-г холбох орон зайн бүтэц (конфигураци)-ийг үүсгэж байрладаг. Түүнчлэн EF-Tu-д мөн гуанинтрифосфат /ГТФ/-ыг холбох хэсэг байх ба гидролизийн дүнд ГТФ-ээс ГДФ салах үед асаах мушгиа (switch helix) конфигурацийн өөрчлөлтөд орж ингэснээр EF-Tu нь тРНХ-ээс салах бөгөөд үүний үр дүнд аминоацил-тРНХ рибосомын А байрлалд бүрэн нэвтэрч улмаар тРНХ-д холбогдсон аминхүчил полипептидийн гинжинд холбогдох нөхцөл бүрдэнэ. EF-Tu нь гурван замаар трансляци оновчтой явагдах эсэхийг зохицуулна. 1-рт хэрэв рибосомын А байрлал дахь тРНХ-ийн антикодон мРНХ-ийн кодонтой тохирохгүй бол ГТФ-ийн гидролизыг саатуулах ба ингэснээр үл тохирох тРНХ рибосомоос салахыг нөхцөлдүүлнэ. 2-рт EF-Tu нь аминоацил-тРНХ рибосомын А байрлалд бүрэн орохоос өмнө (антикодон кодон хоорондоо тохирч байсан ч гэсэн) тРНХ-ээс салахдаа дахин түр саатдаг. Ингэснээр антикодоны хувьд буруу танигдсан тРНХ дэхь аминхүчил полипептидийн гинжинд эргэлт буцалтгүй залгагдахаас сэргийлнэ. 3-рт EF-Tu нь аминоацил-тРНХ-ийн холбоосыг шалгаж аминхүчил зөв тРНХ-д холбогдоогүй тохиолдолд уг холбоосыг салгадаг гэж үзэж байна (энэ үйл явц сайн судлагдаагүй байна).

0 comments:

Post a Comment