Monday, November 4, 2013

Мэдээллийн РНХ-ийн процессинг

video

 мРНХ рибосомд уураг нийлэгжүүлэх загвар болон ашиглагдахын өмнө боловсрох ёстой ба үүнийг процессин гэж нэрлэдэг. Боловсролтын шатанд явагдах гол өөрчлөлтүүд нь урьдал-мРНХ (pre-mRNA, энэ нь транскрипцийн дараа дөнгөж шинээр бий болоод байгаа ямар нэг боловсролтод ороогүй мРНХ юм)-ийн эхлэл хэсэгт метилжсэн малгай холбогдох (5' cap addition), интроныг хэрчиж авах (splicing), зарим нуклеотидийн дараалал өөрчлөгдөх (editing), төгсгөл хэсэгт олон тооны адениныг холбох буюу поли-А сүүл бий болох (polyadenylation) байдаг. 5' cap addition: Транскрипци дөнгөж эхэлсний дараа шинээр нийлэгжиж буй мРНХ-ийн 5' үзүүрт 7-метилгуанозин холбогдох ба энэ процесс РНХ полимераза энзимтэй холбоотой малгай нийлэгжүүлэх бүрдэл (cap-synthesizing complex)-ийн тусламжтай явагдана. Урьдал-мРНХ молекул малгайтай болсноор рибосом түүнийг таних, рибонуклеаза энзимийн үйлчлэлээр задрахаас хамгаалагддаг. Polyadenylation: урьдал-мРНХ нийлэгжсэний дараа түүний төгсгөл хэсэгт өвөрмөц нуклеотидын дарааллыг таньж таслагч факторууд (cleavage factor) холбогдоно. Ингэснээр урьдал-мРНХ-ийн төгсгөл хэсэг нугарч гогцоо үүсгэх ба таслагч факторууд бие биедээ ойртон тогтворжуулагч факторууд (stabilizing factor)-ын тусламжтай холбогдож бүрдэл үүсгэнэ. Поли-А полимераза энзим энэхүү гогцоо хэсэгт сууж хэрчилт хийх ба ойролцоогоор 250 орчим адениныг холбож поли-А сүүлийг үүсгэнэ. Шинээр үүссэн поли-А сүүлэнд тогтворжуулагч уургууд холбогдох ба ингэснээр РНХ молекул нугаларч гогцоо үүсгэн холбогдохоос хамгаална. Урьдал-мРНХ молекулд сүүл үүсэх нь түүнийг хамгаалах, цитоплазм руу шилжих шилжилтийг хөнгөвчлөх зэрэг үүрэгтэй.

0 comments:

Post a Comment