Monday, November 4, 2013

Транскрипци

video

 Транскрипци гэдэг нь ДНХ молекулаас РНХ молекул бий болгох процесс юм. Транскрипци явагдахад ДНХ молекул, транскрипцийн факторууд, РНХ полимераза энзим, АТФ шаардлагатай. ДНХ молекул: Транскрипцид оролцох дан утаслаг ДНХ молекул хэд хэдэн хэсгээс бүрддэг ба хамгийн урт хэсгийг транскрипцийн нэгж (transcription unit) гэж нэрлэдэг бөгөөд тус хэсэгт суурилж РНХ молекул бий болно. Транскрипцийн нэгжийн өмнө промотор дарааллууд (promoter sequences) байх ба транскрипцийг өдөөж, эхлүүлэх үүрэгтэй. Промотор дарааллууд транскрипци эхлэх байрлал (transcription start site буюу TSS)-аас 30, 75, 90 хос суурь зайтай тодорхойлогдоно. Эдгээрээс транскрипци эхлэхэд чухал шаардлагатай дарааллыг цөм промотор (core promoter) гэж нэрлэх бөгөөд ихэнхи эукариот организмд энэ нь ТАТА box гэж нэрлэгдэх богино ДНХ-ийн дараалал байдаг. Транскрипцийн факторууд: TFIID транскрипцийн фактор TBP (TATA binding protein) уургийн тусламжтай ТАТА box-ийг таньж ДНХ молекулын TSS хэсэгт байрлана. Үүний дараа TFIIA болон TFIIB транскрипцийн факторууд ирж холбогдсоноор бий болох бүрдэл нь РНХ полимераза энзимийг TSS хэсэгт амжилттай холбогдохыг нөхцөлдүүлнэ. Нэгэнт РНХ полимераза энзим холбогдсон бол бусад транскрипцийн факторууд ирж холбогдон улмаар бүрэн боловсорсон транскрипцийн бүрдэлийг бий болгоно. РНХ полимераза энзим: ДНХ молекулын TSS хэсэгт транскрипцийн факторуудын тусламжтай холбогдож 3'-ээс 5' чиглэл рүү РНХ молекулыг нийлэгжүүлнэ. АТФ: Транскрипци эхлэхийн тулд нэгэнт бий болсон транскрипцийн бүрдэлийг энергиэр хангах шаардлагатай ба үүнийг АТФ молекул гүйцэтгэнэ.

0 comments:

Post a Comment